Sunday, September 7, 2008

Амьдралын үнэ цэнэ...

Амьдрах сайхаан...аав минь дандаа энэ үгийг хэлдэг. Тийм шүү амьдрах үнэхээр сайхан. Амьдралыг амталж амьдрах бүр сайхан. Чихэртэй ч бай, гашуун ч бай, шорвог ч бай, амттай ч бай амьдрах зүгээр л сайхан.

Remove Formatting from selectionАмьдралын сайхныг олж харах, түүнийг мэдрэх гэдэг хүн бүрт өдөр бүр мэдэгдээд байдаггүй зүйл. Харин амьд байхын төлөө нэг өдөр ч болов өглөө мандах нарыг харах, шөнөдөө түгэх оддыг ширтэх, өглөө дахиад л нар мандахыг харахыг хүсч буй хүмүүс яс махаараа мэдэрч тэр хэрээрээ хүсдэг байх.

Миний хардаг өвөө маань хичнээн сайхан хүн гэж санана. Үргэлж л инээж, дандаа баярлалаа гэдэг. Хэн нэгэнд төвөг удчих вий хэмээн өөрөөсөө гарч болох бүх л хүчийг гаргадаг. Өвчтэй биенд нь ахдахаар их сэтгэлийн тэнхээ, тэвчээр хүчийг гаргадаг мундаг нуруулаг өвгөн дөө. Долоохон хоногийн өмнө зүв зүгээр байсан өвөө маань гэнэт л муудсан. Тэгэхдээ тэр хүний ухаан санаа нь самуурч эхэлсэн. Хий юм харж, хий юмтай ярьж, хэдэн хүүхэд, ач зээ гээд бүгдийнх нь нэрийг дуудаал, шөнөдөө унтаж чадахгүй ганцаараа чанга чанга яриад, тэгсэнээ учиргүй чанга инээгээд, нэг бол дуулж өгнө. Нөгөө хүч өгөн тусалдаг байсан нь үгүй болж, нөгөө үргэлж инээж байдаг нь алга болсон. Хөөрхий минь гадаа суух мөн дуртай шүү. Нарлуу хараад л нүдээ байдгаар нь жоогойтлгон инээж байгаад сайхан байна шүү, воов ямар сайхан өдөр вэ гэж ирээд л дуу алдана тээд хэдэн цагаар нарлан суугаад шар айрагаа уудагсан. Би халуун наранд хэцүү байна уу гэхээр үгүй харин ч сайхан байна, чи тэр шувууг хардаа гээд л тэнгэрлүү заадагсан. Одоо бодоод байхнээ амьдрал тэтгэгч , гэрэл гэгээ бэлэглэгч тэр наранд сууна, насаараа амьдарсан энэ л өөрийнхөө вант улсыг харан, сайн явж байгаа хүүхдүүдээ бодон, өдий болтол хорвоог хамтдаа туулж байгаа ханиараа бахдан, туулж өнгөрүүлсэн замналаа эргэн дурсан суудаг байсан байх даа.

Намайг хажуудаа суугаач гэж дандаа гуйна. Тэгээд хаяа нэг суухаар дандаа гэр бүлийнхэнийг минь асууна. Гэтэл одоо хөөрхий минь гэртээ байсан шигээ тааваараа тарвалзаж ч чадахгүй, хайртай ханийхаа царайг өдөр өүр харж ч чадахгүй, харах нь бүү хэл танихгүй байна гэсэн, баахан танихгүй хүмүүсийн дунд асрамжийн газар хамаг бүхнээ хольж хутгаад яриад сууж байгаа байх даа. Эмнэлэг явахын өглөө эмээг баяртай гээд харин намайг сайн уу гээд нөгөө л уярам инээмсэглэлээрээ инээгээд гарч билээ.

Эндээс би бодоод: Хүн ер нь цаг нь болбол тэртээ тэргүй явах л юм байна. Хүссэн ч эс хүссэн ч цаг нь болсон л бол бүгд энэ хорвоог орхих нь тодорхой. Харин явталаа энэхүү олдсон ховор амьдралаа сэтгэлдээ хүндэлж, түүний үнэ цэнийг мэдэрч, тэмцэж явах ёстой юм байна гэж ойлгосон.

Амьдрал бидэнд ямар үнэтэй, ховор хувь зохиолоор олддогыг мэддэг хэрнээ заримдаа энэ амьдралыг үзэн ядмаар болж бүүр хараадаг байсан. Дургүй хүрч ер нь яах гэж, юуны тулд амьдарч байгаа юм хэмээн боддог байсан. Тэр хэрээрээ амьдрал надаас нүүр бууруулсан мэт санагддаг байсан.

Харин одоо бол үгүй. Би яах гэж, юуны тулд амьдарч байгаагаа мэддэг болсон. Түүнийхээ төлөө ч явж байна. Тиймээ зорилгоосоо би жаргалыг мэдэрдэг болсон, тэр хэрээрээ би амьдралд улам хайртай болж, хүндэлдэг болсон. Харин ингээд ирэхээр миний өмнө зөндөө хаалга нээлттэй болсон, одоо үүнийг ээлж дараатай ном журмынх нь дагуу нээх л үлдсэн.

Би амиа хорлогсодын төлөө эмгэнэдэггүй, харуусдаг ч үгүй. Хүний амьдралд хүн бүрт өөрт нь таарсан их бага хэмжээний зовлон байдаг. Мэдээж чи зовлон гэж юу байдгийг мэдэх үү? гэж надаас асуух байх. Харин би гадарлана л гэж хэлнэ. Би зовоогүй, өнөөдрийг болтол миний зовлон гэж бодож байсан бүхэн юу ч биш юм байна гэдгийг би ойлгосон. Тиймээ өнөөдөр таны амьдрал тамын тогоо шиг байж болно, гэхдээ түүний ард даваад л гарна шүү дээ. Яг л өглөө бүхэн тэнгэрт нар манддаг шиг. Зовлонгынхоо хэрээр та амьдралыг мэдрэх болно, харин мэдэрсэнийхээ хэрээр та амьдралын үнэ цэнийг ойлгох болно, ойлгосныхоо хэрээр та амьдралаас аз жаргалыг амтлах болно.

Юм бүхэн хугацаатай шүү дээ...жаахаан л сэтгэлийн хаттай байвал тэгээд л болно. Өвчин гэдэг чинь жинхэнэ зовлон. Тэр тусмаа эдгэшгүй өвчин, найдваргүй гэдэг үг хоёр жинхэнэ зовлон. Тэгэвч тэр хүмүүс нэг өдөр ч болтугай амьдралыг амтлахыг хүсч, нэг өдөрч болтугай бидний дунд байхыг хүсдэг, тэмүүлдэг, тэмцдэг...

Тэгэхээр одоо бүгдээрээ, би ч гэсэн аливаа хэцүү бүхнээ зовлон гэж бодохоо болъё, зовлон гэдэг чинь хүсээд байх юм биш шүү дээ...манай ардын сайхан зүйр үг байдаг даа: Амны билэгээс, ашдын билэг гэж....тэхээр сайн сайхан бүхнийг үргэлж бодохоо байг гэхэд, ямар ч үед итгэл найдвараа алдчихалгүй тэр бүхнээ зовлон биш харин амьдралд байх л зүйл, биднийг шалгаж байгаа нэг шалгуур гэж ярьж, бодож, тэмцэж явъя.

Амьдрах үнэхээр сайхан шүү дээ...та, би, бид бүгдээрээ энэ л сайхан амьдралынхаа үнэ цэнийг мэдэрч өдөр бүрийг өөрийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө, энэ л амьдралынхаа төлөө зориулъя.

Эцэст нь хэлэхэд намайг оюутан байхад нэг ийм үг их тархаж байсан. Тэгэхэд би одоо л үнэндээ бараг дөнгөж сая л энэ үгний учрыг ойлгож байна даа:

Амьдралыг чи алтаар үнэлбэл

Амьдрал чамайг алтаар мялаана

Эс тоож сохор зоос шиг хандвал

Элсний ширхэг шиг үлээгээд хаячихна.....тиймээ бүгдээрээ зовоогүй байгаа шүү дээ....