Sunday, September 7, 2008

Амьдралын үнэ цэнэ...

Амьдрах сайхаан...аав минь дандаа энэ үгийг хэлдэг. Тийм шүү амьдрах үнэхээр сайхан. Амьдралыг амталж амьдрах бүр сайхан. Чихэртэй ч бай, гашуун ч бай, шорвог ч бай, амттай ч бай амьдрах зүгээр л сайхан.

Remove Formatting from selectionАмьдралын сайхныг олж харах, түүнийг мэдрэх гэдэг хүн бүрт өдөр бүр мэдэгдээд байдаггүй зүйл. Харин амьд байхын төлөө нэг өдөр ч болов өглөө мандах нарыг харах, шөнөдөө түгэх оддыг ширтэх, өглөө дахиад л нар мандахыг харахыг хүсч буй хүмүүс яс махаараа мэдэрч тэр хэрээрээ хүсдэг байх.

Миний хардаг өвөө маань хичнээн сайхан хүн гэж санана. Үргэлж л инээж, дандаа баярлалаа гэдэг. Хэн нэгэнд төвөг удчих вий хэмээн өөрөөсөө гарч болох бүх л хүчийг гаргадаг. Өвчтэй биенд нь ахдахаар их сэтгэлийн тэнхээ, тэвчээр хүчийг гаргадаг мундаг нуруулаг өвгөн дөө. Долоохон хоногийн өмнө зүв зүгээр байсан өвөө маань гэнэт л муудсан. Тэгэхдээ тэр хүний ухаан санаа нь самуурч эхэлсэн. Хий юм харж, хий юмтай ярьж, хэдэн хүүхэд, ач зээ гээд бүгдийнх нь нэрийг дуудаал, шөнөдөө унтаж чадахгүй ганцаараа чанга чанга яриад, тэгсэнээ учиргүй чанга инээгээд, нэг бол дуулж өгнө. Нөгөө хүч өгөн тусалдаг байсан нь үгүй болж, нөгөө үргэлж инээж байдаг нь алга болсон. Хөөрхий минь гадаа суух мөн дуртай шүү. Нарлуу хараад л нүдээ байдгаар нь жоогойтлгон инээж байгаад сайхан байна шүү, воов ямар сайхан өдөр вэ гэж ирээд л дуу алдана тээд хэдэн цагаар нарлан суугаад шар айрагаа уудагсан. Би халуун наранд хэцүү байна уу гэхээр үгүй харин ч сайхан байна, чи тэр шувууг хардаа гээд л тэнгэрлүү заадагсан. Одоо бодоод байхнээ амьдрал тэтгэгч , гэрэл гэгээ бэлэглэгч тэр наранд сууна, насаараа амьдарсан энэ л өөрийнхөө вант улсыг харан, сайн явж байгаа хүүхдүүдээ бодон, өдий болтол хорвоог хамтдаа туулж байгаа ханиараа бахдан, туулж өнгөрүүлсэн замналаа эргэн дурсан суудаг байсан байх даа.

Намайг хажуудаа суугаач гэж дандаа гуйна. Тэгээд хаяа нэг суухаар дандаа гэр бүлийнхэнийг минь асууна. Гэтэл одоо хөөрхий минь гэртээ байсан шигээ тааваараа тарвалзаж ч чадахгүй, хайртай ханийхаа царайг өдөр өүр харж ч чадахгүй, харах нь бүү хэл танихгүй байна гэсэн, баахан танихгүй хүмүүсийн дунд асрамжийн газар хамаг бүхнээ хольж хутгаад яриад сууж байгаа байх даа. Эмнэлэг явахын өглөө эмээг баяртай гээд харин намайг сайн уу гээд нөгөө л уярам инээмсэглэлээрээ инээгээд гарч билээ.

Эндээс би бодоод: Хүн ер нь цаг нь болбол тэртээ тэргүй явах л юм байна. Хүссэн ч эс хүссэн ч цаг нь болсон л бол бүгд энэ хорвоог орхих нь тодорхой. Харин явталаа энэхүү олдсон ховор амьдралаа сэтгэлдээ хүндэлж, түүний үнэ цэнийг мэдэрч, тэмцэж явах ёстой юм байна гэж ойлгосон.

Амьдрал бидэнд ямар үнэтэй, ховор хувь зохиолоор олддогыг мэддэг хэрнээ заримдаа энэ амьдралыг үзэн ядмаар болж бүүр хараадаг байсан. Дургүй хүрч ер нь яах гэж, юуны тулд амьдарч байгаа юм хэмээн боддог байсан. Тэр хэрээрээ амьдрал надаас нүүр бууруулсан мэт санагддаг байсан.

Харин одоо бол үгүй. Би яах гэж, юуны тулд амьдарч байгаагаа мэддэг болсон. Түүнийхээ төлөө ч явж байна. Тиймээ зорилгоосоо би жаргалыг мэдэрдэг болсон, тэр хэрээрээ би амьдралд улам хайртай болж, хүндэлдэг болсон. Харин ингээд ирэхээр миний өмнө зөндөө хаалга нээлттэй болсон, одоо үүнийг ээлж дараатай ном журмынх нь дагуу нээх л үлдсэн.

Би амиа хорлогсодын төлөө эмгэнэдэггүй, харуусдаг ч үгүй. Хүний амьдралд хүн бүрт өөрт нь таарсан их бага хэмжээний зовлон байдаг. Мэдээж чи зовлон гэж юу байдгийг мэдэх үү? гэж надаас асуух байх. Харин би гадарлана л гэж хэлнэ. Би зовоогүй, өнөөдрийг болтол миний зовлон гэж бодож байсан бүхэн юу ч биш юм байна гэдгийг би ойлгосон. Тиймээ өнөөдөр таны амьдрал тамын тогоо шиг байж болно, гэхдээ түүний ард даваад л гарна шүү дээ. Яг л өглөө бүхэн тэнгэрт нар манддаг шиг. Зовлонгынхоо хэрээр та амьдралыг мэдрэх болно, харин мэдэрсэнийхээ хэрээр та амьдралын үнэ цэнийг ойлгох болно, ойлгосныхоо хэрээр та амьдралаас аз жаргалыг амтлах болно.

Юм бүхэн хугацаатай шүү дээ...жаахаан л сэтгэлийн хаттай байвал тэгээд л болно. Өвчин гэдэг чинь жинхэнэ зовлон. Тэр тусмаа эдгэшгүй өвчин, найдваргүй гэдэг үг хоёр жинхэнэ зовлон. Тэгэвч тэр хүмүүс нэг өдөр ч болтугай амьдралыг амтлахыг хүсч, нэг өдөрч болтугай бидний дунд байхыг хүсдэг, тэмүүлдэг, тэмцдэг...

Тэгэхээр одоо бүгдээрээ, би ч гэсэн аливаа хэцүү бүхнээ зовлон гэж бодохоо болъё, зовлон гэдэг чинь хүсээд байх юм биш шүү дээ...манай ардын сайхан зүйр үг байдаг даа: Амны билэгээс, ашдын билэг гэж....тэхээр сайн сайхан бүхнийг үргэлж бодохоо байг гэхэд, ямар ч үед итгэл найдвараа алдчихалгүй тэр бүхнээ зовлон биш харин амьдралд байх л зүйл, биднийг шалгаж байгаа нэг шалгуур гэж ярьж, бодож, тэмцэж явъя.

Амьдрах үнэхээр сайхан шүү дээ...та, би, бид бүгдээрээ энэ л сайхан амьдралынхаа үнэ цэнийг мэдэрч өдөр бүрийг өөрийнхөө төлөө, хайртай бүхнийхээ төлөө, энэ л амьдралынхаа төлөө зориулъя.

Эцэст нь хэлэхэд намайг оюутан байхад нэг ийм үг их тархаж байсан. Тэгэхэд би одоо л үнэндээ бараг дөнгөж сая л энэ үгний учрыг ойлгож байна даа:

Амьдралыг чи алтаар үнэлбэл

Амьдрал чамайг алтаар мялаана

Эс тоож сохор зоос шиг хандвал

Элсний ширхэг шиг үлээгээд хаячихна.....тиймээ бүгдээрээ зовоогүй байгаа шүү дээ....

Sunday, August 31, 2008

Охин минь бүр онгирчихож ээ...

Өнөөдөр охинтойгоо овоо удаан ярьлаа. Миний муу шар хүүхнээ бүүр онгирчихож. Аргагүй л дээ. Сургуульд өгөх гэсэн чинь нас нь болоогүй гээд авах сургууль олдоггүй. Би уг нь эхлээд шууд хятад сургуульд оруулах гэснэээ болиод ямартаа ч эхний нэг хоёр жил монгол сургуульд нь өгий гэж шийдсэн юм. За тээд өөрийнхөө төгссөн сургуульд өгчихье өвөө нь, ээж нь, ах нар нь гээд бүгд төгссөн юм чинь гээд яриултал ямарч арга алга уучлаарай гээд болсонгүй. За тэгвэл аавынх нь сургуульд босго алхуулъя гээд яриултал бас л нас нь хүрэхгүй байна гээд авсангүй. Бүр аргаа бараад охиндоо хэллээ

- Ээжийн охион миний охиноогын нас нь хүрэхгүй байна гээд авах сургууль олдохгүй байна. Болохгүй бол энэ жилдээ цэцэрлэгт яваад гэрээр л багш авахаас даа

- Өө дахиад л цэцэрлэгт явах юмуу, би зөндөө удаан явсан ш дээ, одоо сургуульд л ормоор байна даа

- Миний хүүхнээ сурах тийм их дуртай байна уу

- Харин тийм бушуухан сургуульд орж онц сураад Америкруу тань дээр очмоор байна

- Хөөлхөн ш дээ ээжийн охин чинь, ээж нь охин дээрээ түрүүлээд оччихно за

- Аанхан, тиймүү ямар гоёын, та яагаад хэлээ хазаж яриад байгаан....иймэрхүү яриа сар гарангын өмнө боловоо. За тэгээд би аавтай яриад ямарч байсан дахиад сайн хөөцөлдөөд үзье. Юу ч болсон харъяа сургууль дээр нь очоод уулзах уу гээд. Аав минь ч сайн хөөцөлдөж явсаны эцэст хүүхнээ маань өөрийнхөө харьяалалын сургуульд ямартаа ч орохоор болчихсон байна шүү. Шалгуулсан юмаа сайн хийгээд бас жаахан нуруулаг болохоор болсон гэнэ. Тэгэхгүй бол боловсролын яамнаас шалгалт ирээд 6 нас хүрээгүй хүүхэд авсан бол яадаг болсон гэнэ үү дээ. Би ч энд бөөн баяр. Аль хоёр сарын өмнө шахуу найдвартай орчих байх гэж бодоод цүнх гээд хичээлд хэрэгтэй бүх юмыг нь бэлдээд явуулчихсан байсан хүн чинь. Нээрээ хүүхдийнхээ юмыг бэлдэж байхдаа би өөрөө ямар их хөөрсөн гээч. Өөрийн эрхгүй сэтгэл минь догдолж билээ. За тээд сургуулиа бүтээсэн хоёр өнөө өглөө дахиад ярьлаа даа. Би ч зүгээр инээсээр байгаад таарлаа....хэхэ хөөрхөн юмаа

- Байна уу даа ээжийн хүүхнээ, за баяр хүргье үнжий ээж нь умаа...

- Сайн ээжээ, баярлалаа. Охин нь сургуульдаа орлоо доо. Гуравхан хоноол орлоо

- Харин тийм, гоё байгаа биз дээ

- Аанхаан, охин нь энд бүр онгирчихсон цүнхээ чирээл гүйгээд байна

- Хэхэ...хичээлдээ орохоосоо өмнө муухай болгочихвоо

- Муухай болохгүй ээ ээжээ, доороо дугуйтай юм чинь. Би байнаш дээ тэ ээжээ та сонсож бай: хичээлдээ явахдаа цагаан цамц , оноотой юмбкээ өмсөөд, таны явуулсан хар туфлээ цагаан тиркотой өмсөнө. Тээд эмээ надаа эмэгтэй зангиа авч өгнө гэсэн. Тээд л багшдаа цэцэг бариад явчихна даа. Та намайг дурангаараа сайн хараарай за

- Тэгэлгүй яахав. Миний охин тээд сайн тод дуугараад, багшийнхаа хэлсэн, заасан зүйлийг сайн анхааралтай сонсож, мэдэхгүй юмаа багшаасаа асуугаад айж ичихгүй байж сайн сурна шүү за

- За ээжээ, охин нь цовоо, сэргэлэн бас чанга дуугараад, багшаасаа юм асуухдаа толгойдоо сайн бодож байгаад гараа өргөж асууна

- Хэхэ...тэгээрэй миний охин. Ээждээ одоо их юм сурч бэлэг барина ш дээ

- Ээж минь дээ, охин нь онц сурнаа, угаасаа би одооноос толгойдоо бодоод байгаа. Хүүхдүүд надын юмыг авах гэвэл би өгөхгүй, яагаад гэвэл ээж нь зөндөө мөнгөөр үнэтэй юм авч өгсөн юм чинь хаячихвал төвөг зүгээр

- Хэхэхэ...хэн чамд ийм том үг зааж өгөөд байнаа айн...хүүхдүүдээс юмаа харамлаж болохгүй ээжийн охион. Харин өгч хэрэглүүлчихээд буцаагаад аваарай за

- За ээжээ, ойлголоо охин нь хажууд сууж байгаа хүүхэд юм асуувал өгчихөөд тэгээд л харж байгаад дуусангуут нь авчий тээ...

- Хэхэхэ...за тэгээрэй. Ээж нь энд бас охиноо дагаж онгироод байна. Өвөөдөө баярлалаа гэж хэлээд үнсээрэй за миний охин

- За ээжээ, та бас охин шигээ жаахан онгироо юмуу тэ...хихихи

- Хахахах....тийнш дээ, ээж нь бас охин шигээ жаахан онгироом байхгүй юу

- Ээж, та яагаад хэлээ хазаад бас муухай хахаха гэж инээгээд байгаа юм бэ

- Хэхэхэ...тээд ээж нь яаж инээдэг байсан юм

- Та охин шигээ хихихи гэж инээдэг байсан ш дээ....хихихи...ингээд бид хоёр жаал инээлдэв. Охиныхоо жаргалтай инээдийг сонсоод би хүртэл бүр тачигнатал инээсэн. Хоёр хөөрүү юм хоёр талд хэсэг тачигнатал чанга инээж байгаад миний охин тэгжийнээ.

- За хурдан нэг дэх өдөр болоосой, би багшийг асуувал ингэж хэлнээ: өвөө маань дарга хийдэг, эмээ маань бас дарга хийдэг, ээж маань гадаадад байдаг, аав маань харин машин барьдаг гэж хэлнэ

- Хэхэхэ...миний охин яагаад заавал эмээ өвөөгөө дарга хийдэг гэж хэлнэ гэж

- Өөр юу гэхүү дээ ээж минь дарга л юм чинь. Та надыг битгий худлаа ярьж бай, тэгвэл муу хүн болно гэдэг биз дээ, өөрөө тэгсэн байж мартчихаа юу...хихихи...Нээрээ ээжээ би таньд нэг юм хэлэх үү...за болий болий та хол байгаам чинь санаа чинь зовчих байх

- Зүгээрээ ээжийнх нь санаа зовохгүй, харин хэлэхгүй бол санаа зовно шүү

- Тиймүү, ммм санаа чинь зовчуул яахын бээ...гэснээ ярианы сэдэв өөрчлөөд. Агаа нар миний зургийг авч, бас бичлэг хийгээд таньд явуулна гэсэн

- Аанхан тэгэлгүй яахав, за ээждээ хэлчих, ээжээсээ юм хэзээ нуудаг байлаа миний охиноо чинь

- Заа...гээд хэсэг бодсон болтой чимээгүй байснаа: аав аль дээр л нэг утсаар яриад одоо очлоо гэсэн байдаггүй. Нэг дэх өдөр охиноо хүргэж өгөх байгаа даа

- Тиймүү...хайн. За өгөхгүй ч байж магад шүү, ажилтай байгаа бол аав нь амжихгүй биз. Миний охин нэг их битгий хараарай за

- Угаасаа би харахгүй байгаа, надаа гурван удаа худлаа ярьсан, тэгээд би харахгүй болчихсон

- За аавыгаа тэгж болохгүй ээжийн охин. Өөр юу байна миний хайрын бурханаар (Үнэндээ нөгөөх нь охиноо сургуульд орох болсоныг ч мэдээгүй яваа байхгүй юу...хүүхдэд худлаа яриад хүүхэд хүлээлгээд дургүй хүргэчихдэгийн зүгээр. Яахаараа ийм хэнэггүй байдаг байнаа. Ямар түүнээс юм гуйж байгаа биш. Нээрээ ирэхгүй бол муу охин минь гомдох л байх даа тэ)

- Өөр юу байхав дээ. За ээжээ охин нь унтлаа, та бас ажлаа хийдээ, наана чинь одоо өглөө болж байгаа биз дээ тэ

-Аанхан тэгий дээ мисс боссоо...хэхэ...ээж нь охиндоо зөндөө их хайртай шүү за...үнжий

- Би ч гэсэн таньд хайртай ээжээ, хурдан унтаад байвал хурдан нэг дэх өдөр болчихно тэ...баяртаййй...эмээ таньтай ярина гэнээ гээд хөөрхөн цовоо дуугаар ээжийгээ үнсээд унтахаар явлаа. Ээжтэй ярьтал өдөр болгон сургуульд орохоо ярьдаг гэнэ. Өөрөө бол бөөн дур сонирхол, хөөрөөд л өдөр тоолоод гүйгээд байгаа гэнээ.

Хурдан юм даа. Нэг л мэдэхэд ингээд сургуулийн босго алхах болчихсон байдаг. Хэл яриа, бодол санаа нь ч гүйцэгдэхээ больчихож. Өвөө, эмээгийн анхны галын зээ нь тэднээрээ хөтлүүлээд эрдмийн их далайд хөл тавьлаа гэж... сая энийг бичиж байтал гэнэт жаахан сонин болчихлоо. Уг нь охиноо өөрөө хөтлөөд сургуульд нь хүргэж өгсөн бол тээ...за яахав болно доо гэж...

Ээж нь охиндоо зөндөө хайртай шүү, миний ганц амь амьдрал, үргэлжлэл минь...эрдэм номтой эх орондоо хэрэтэй сайн хүн болоорой миний нархан.

Өнөө өглөө залгаад баяр хүргэсэн чинь намбатай гэж юүхэв хэзээний том хүн шиг хэвлүүхэн байна лээ. Тэгж байгаад баярынх нь зурагтай бичлэгийг оруулнаа. Миний амьдралд тохиох дурсгалтай баярт өдрүүдийн минь нэг шүү яах аргагүй...

Thursday, August 28, 2008

Итгэл минь ийм хурдан алдарч байна гэж үү???

Сонин юм даа...өнөөдөр ер нь л чөтгөр авмаар өдөр байна....яагаад чюм мэдэхгүй өглөө босоход минь л энэ тэнгэр хангай нэг л ёозгүй угтсан юм...хоёр шөнө нойртой нойргүй хоноод тэгчихэв үү. Хатуужил...хатуужил тиймээ бий чанга байх ёстой гэхдээ би цасан охин болж болохгүй. Болохгүй шүү яагаад ч болохгүй. БИ амьдралд хайртай. Би бүх зүйлийг сайхнаар харахийг хичээдэг. Яагаад гэвэл би муу, муухай худал хуурмаг гэж юу байдагыг үзсэн ханасан. Тэгсэн ч би бууж өгөхгүй улам л гялалзахыг, улам өндөрт дүүлэхийг хүсч байна. Даанч зүгээр байхад минь ...за за болий...өнөөдөр ер нь л болий...сайхан шар айргаа шимээд нэг өдөр сайхан амрий даа....Би амьдралд хайртай...............

Sunday, August 24, 2008

Амьдралын ухаан гэж юу юм болоо....

Амьдралын ухаан гэж яг юу юм бол. Бүх л амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлага уу, аливаад бодолтой ул суурьтай хандах уу? Эсвэл бүүр өөр зүйл үү. Мэдэх ч юм шиг , мэдэхгүй ч юм шиг. Би боддын: Ямар ч үед хүнээрээ л байж, бусдад нэг их нэмэр болж чадахгүй бол, дараа болчихгүй юмсан л гэж. Хэн нэгэнд төвөг удаж, хүний өмнөөс амьдарч байгаа биш, аль болох өөрийнхөөрөө л болгочих юмсан гэж. Тэгтэл бас яагаад ч болохгүй юмнууд байнаа.
Хүн гэдэг чинь угаасаа л нийгмийн амьтан юм болохоор хэн нэгнээс хамааралгүй хараат бус, ганцаардмал байна гэдэг угаасаа өөрөө утгагүй зүйл миний хувьд. БИ ганцаардлаас үхтэлээ айдаг, ганцаараа би хэн ч биш шүү дээ. Хичнээн эрх мэдэл, эд хөрөнгө....өөр юу ч байсан би ганцаараа бол эцсийн эцэст өчүүхэн хорхойноос доор амьтан.
Аав минь жаахан амьдралын ухаантай, сэтгэлийн хаттай байгаарай гэж байнга хэлдэг захидаг. Тэр бүхэн нь болмоор юм шиг, болоод байгаа юм шиг хирнээ, нэг л болохгүй юм. Магад би хэтэрхий их яарч байна уу...Миний байж байгаа царай. За гээд л өнгөрнө, тэр сэтгэлийн хат нь хаана байгаа юм...тэртээ алсад намайг тойроол нисээд байна уу. Харин бусад нь хэлдэг. Үр хүүхэд, эцэг эх хайртай бүхнээсээ хол хүний газар өөдрөг байгаа чинь сэтгэлийн хатаа гэж....тэгтэл энэ сэтгэлийн хатаа бас нэг зүйл дээр гаргаж чадахгүй нумраад л байх юм. Би эсвэл тийм барьцгүй нөхөр үү.
Амьдралын ухаан л гэнэ. Угаасаа нас нэмэх тоогоор, юм үзэж мэдрэхийнхээ хэрээр аливаа зүйлд арай л уян хатан наануу цаануутай болчихдог юм шиг санагдахын. Энэ тэгээд амьрлаын ухаан мөн гэж үү???
Угаасаа хүн бүр л их бага тодорхой хэмжээний өөрийн гэсэн зорилготой байгаа...яаж хүрэх нь гол биш, яаж хүрсэн л чухал гээд бодоод байдаг. Аан нөгөө талаар хүнтэй хүнд тааруулж өөрийн өнгөөр биш бусдын өнгөөр харьцдаг болоод байдаг. Худлаа газар инээж сурч байна. Нөгөө сайхан сэтгэл минь дандаа л болохгүй бүтэхгүй гэдэг талыг эхэнд нь биш ч гэлээ ер нь л хараад байдаг болчихож. Аажим аажимаар бодол санаа минь хувьсаад л байна.
За яг үнэндээ юу бичих гээд юу бичээд байгаагаа ч мэдэхгүй элийрчийх шиг байнаа.
Богинохон ч гэлээ энэ л амьдралдаа хүн хүнээрээ л байж элээх юмсан даа гэж....

Saturday, August 23, 2008

Аавын хөвгүүд авдаг л байхгүй юу...

Ямар гайхалтай юм бээ......Бадаруугандаа баяр хүргье...2 дахь алтан медаль. Би хаана явнаа. Сэрдамбадаа баяр хүргье...2 дахь мөнгөн медаль. Анхны медалийн эзэн Гүндэгмаадаа баяр хүргье...анхны алтын эзэн Түвшинбаяртаа баяр хүргье. Бүгдээрээнд нь мааш их баярлалаа
Монгол омогшил минь ямар ихээр буцалж байнаа. Би хаана байнаа...тэнгэрт л нисч байх шиг байна. Үнэхээр гайхалтай, бахархалтай...агуу юмаа...
Миний Монголын залуус ямар омоглон юм...Миний Монголын далбаа ямар сүрлэг юм....Миний Монголын төрийн дуулал ямар уянгалаг юм...Миний Монголын ард түмэн ямар их заяатай юм...
Цээж минь огшиж, цээжиндээ багтахгүй оволзож байна. Тиймээ энэ бол гайхамшиг биш...Миний Монголын аавын хүүхдүүд чадсан л байхгүй юу...хэлэх ч үг олдохгүй нь....

Тамирчиддаа маааш их...үнэхээр их баярлалаа...Ард түмнийхээ итгэлийг алдаагүй та бүгдээрээ бахархаж байна...Миний Монголын ард түмнийг хөх тэнгэр минь мөнхөд ивээг....

Friday, August 22, 2008

Элдэв бусын санаанд орсон зүйлс 1


Зүрхний бяцхан шувуухай минь чи

Зүүд нойронд минь айлчлан ирээрэй

Цөхрөлтгүй хайрласан сэтгэлд минь чи

Зөөлөн дулаан үгээ шивнээрэй


***********

Уулзах л юмсан чамтайгаа хэмээн
Уртхан өдрүүдийг тоолон суухдаа
Учралын жаргалаа сэтгэлдээ хөглөж
Унтах нойрондоо үргэлжлүүлэн зүүдэлдэгээ
хайрт минь......

****************

Бусдынх гэдгийг мэдсэн юм шиг бүлээн бороо нэг л уйтай
Борхон зүрхэндээ би нутгаа санан мэгшинэ хэцүүнбээ
Сэрүү татсан нутгынхаа хүйтэн бороонд тааваараа
Сэтгэлээ сэргэтэл шалба норон алхах юмсаан гэж....

*********

Төрөх үхэх нь л үнэн энэ хорвоод
Төөрөг тавиландаа хөтлөгдөн би бэдрэхдээ
Тавилангаар учирсан чамаасаа хожуу хэрэв үлдвэл
Талыг нуур болтол нулимсаар би сөн татахгүй ээ....

***************

Үүрийн гэгээ цонхон цаанаас
сэм сэмхэн шагайхад
Үнэгэн гүйдэл цасан дээрээ
цан татуулан гулгав аа
Үрэлцсэн биеээс урссан хөлс
чим чим шавдуулахад
Үнэрийн тансагт сагасан хүсэл
год годхийн гулгив аа ...

*************

Гүн шөнийн тэнгэрт одод гудайх үеэр
Гадаа хээрийн салхи хамар цоргих нь таатайяа
Хээрийн онгон амтыг амсан цэнгэх мөчид
Хүслийн дээдийн ариун рашааныг асгаж нэг жаргаваа...


****************

Хамаг биеийг чинь тас тэврэн тачаадахад
Хар хөлсөндөө шалба норон гиншивэй ...
Солиорсон хүсэл минь сад тавин үерлэхэд
Согтож унатал чинь хайрын дарс цутгаваа ...

*******************

Шилэн жүнзийг хагартал
Шилтэй дарсыг цалгитал
Шал пал талхилцан
Шалба норон уусалдана.....

*******************

Би жаргалтайийййй жаргалтайиййй...
Өдөр өнжин харуулдан суухдаа би жаргалтаййййй
Өөрийг чинь хүлээн гэгэлзэж суухдаа би жаргалтаййййй
Өрнүүн их хайрыг хүртэж суухдаа би жаргалтаййййй
Өөрөө бас хайрлаж байхдаа би жаргалтайййййййййййййй....хахаха

Wednesday, August 20, 2008

Миний орон зай

Энд л би өөрийнхөө орон зайг бүрдүүлж байя даа. Бүсгүй хөөн гэж....үгүй заавал бүсгүй хүн ч гээд яахав би ер нь яагаад л байна даа. Нөгөө сайхан эрч хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй, үүрэг хариуцлагатай, амьдралд дуртай шувуу хаачив.
За яахав энэ хэсэгхэн хугацааг даваад гарах юм шүү. Заримдаа сайхан сахилгагүйтмээр санагдах юм. Даанч болохгүй юм. Бодоогүй төлөвлөөгүй зүйлс гарч ирээд амьдралын хэмнэл өөрчлөөд....гэхдээ энэ нь намайг шалгаж байгаа шалгуур байх. Би энэ хэсэгхэн үеийг даваад гарч чадахгүй юм бол хэний охин болох вэ. Тиймээ сэтгэл дотор салхи шуурга, нар, гэрэл гэгээ, түүнийг байнга дагах бараан сүүдэр, хур бороо, хуурай цөл бүгд л байна. Бодох л хэрэгтэй, бүгдийг нь зөв гольдролд нь оруулах хэрэгтэй. Ингэж чадсан үедээ би өөрөө жаахан ч атугаа бахархах болно. Хүмүүн заяаг олж төрсөндөө бага ч атугаа баярлах болно. Одоо энэ бүхэн зүгээр л шалгуур, би сурч байна, сурсаар байгаад ч дуусах болно. Тэгэхдээ цойлж сурах гэж өөрийнхөө байгаа бүхнээ дайчлах болно. Чадахгүй байлаа гэхэд сүүлд нь орохгүй. Орохгүйн төлөөч явах ёстой. Яагаад гэвэл би ганцхан амьдрана. Болжмор гэдэг бие дахин төрлөө энүүгээрээ биш байх болохоор мэдэрч байгаа дээрээ л би хүн шиг оршин тог
нох болно. Тиймээ чи чадна, заавал чадна, чадах ч ёстой...чамд өөр зам байхгүй...

Friday, June 20, 2008

гарчиггүй ээ...

Гадаа ямар халууг бүгчим байнаа...цаг уртсаад явж ч өгөхгүй юм....ойрд амьдралын хэмнэл хальт өөрчлөгдөх шив дээ. Ажлаа солилоо. Тэгсэн яагаад ч юм мэдэхгүй энэ сэтгэл санаа нь нэг л тогтворгүй,хийсээд ч байгаа юм шиг,эсвэл зүгээр л тэнэгтмээр ч байгаа юм шиг.
Хүн ер нь ямар муухай юм бэ...байгаадаа сэтгэл ханана гэж байхгүймаа.
Юм нь өөрийнх нь талд ашигтай амар хялбар болох тусам л улам даврах шинжтэй юмаа.
Зовж байна ч гэх шиг юундаа зовоод байгаан...харин ч өч төчнөөн боломж гарч ирээд байхад түүнийгээ оролдоол байж байхгүй. Надад ер нь зав багатай байсан нь дээр юм байна доо...элдэв бодолд ээрэгдэн түүнийгээ ургуулж бодож өөрийгөө ч өрөөлийгч зовоож байхаар.
Заримдаа ч яах ч учраа олохгүй юмаа...нэг л нозоороод,эсвэл бүр өөр юм ч хүсээд байгаанмуу...за за ер нь бүү мэдээ...тэгж байгаад нэг сэрүү орохоор гайгүй болчих биз дээ...энэ дотор байгаа хуралдсан олныг нэг сайхан базаад бөөгнүүлчих юмсаан гэж...

Wednesday, May 14, 2008

...Талийгаачтай өнгөрөөсөн нэг өдөр....

За би гэдэг хүн хөөгдсөнийхөө дараа төд удалгүй бас нэгэн ажилд орлоо. Тэр эмээ маань ходоодны хорт хавдартай байсан юм. Эмчилгээгүй болоод гэртээ гарч ирсэн байсан. Үнэхээрийн сайхан эмгэн байж билээ. 4 охин нэг хүүтэй. Хүүхдүүд нь өдрийн цагаар бүгд ирж хамт байж байгаад л явна. Би шөнөдөө харж хонодог байлаа.
Эмээ овоо сайжраад найзыгаа нөхөртэй нь бүх хүүхдүүдээ дуудаад нэг оройжин покер тоглож билээ. Би ч дотороо битүүхэндээ баярлаж билээ.
Энэ найз нь 46 жил найзалж байгаа гэсэн. Хөөрхий минь ирэх болгондоо дуртай юмыг нь авчирч өгдөг байв.Тэгээд л хараад уйлаад л гараад явна.
Тэр өдрийн маргааш нь эмээ маань харин бүр дордож ярьж ч чадахаа болилоо. Хамаг бие нь байж ядтал өвдөнө. Морфин уулгаад 3 цаг орчим л жаахан намдаж унтана. 10.аад дэр энд тэнд нь ивж байж унтуулдаг байв. Сүүлдээ хөөрхий минь надаас өөр хүнийг гар хүргэхээ больсон доо.
Би хажуугынх нь сандалд унтаа сэрүү хоёрын хооронд хонодог байлаа.Гэрт шөнөдөө бид хоёроос өөр хэн ч байхгүй. гайгүй үедээ өөдөөс хараад л нүдээрээ инээдэгсэн. Хүн гэдэг мэддэггүй юм билээ.
Хумснууд нь эхнээсээ хөхрөөд бие нь хүйтэн болсон хирнээсээ зүрх нь цохилсоор. Би ч шөнө 2 цаг болоод л амруу нь моррфиноо хийгээд,чихэнд нь тосоо түрхээд л. Эмээ нүдээ ч нээдэггүй. Өглөө 6 цагт эмийг нь өгөхөөр амыг нээтэл амаар нь дүүрэн эм нь байж байдаг байгаа. Би сандраад бээлий өмсөж байгаад л амыг нь цэвэрлэж байтал том охин нь ч ороод ирлээ. Би эмээ нэг л биш байна эмчийг нь дуудах уу гэтэл за гээд эмчийг нь дуудлаа.
Эмч ирсэнээ аль хэдийн өнгөрчихсөн байна. Харин зүрх нь зогсоогүй байна гээд хүчилтөрөгчийг нь салгаад эмийгий маань зүрхийг зогсоосон юм даа.
Ингэж л би талийгаач болсоныг нь мэдэлгүй амруу нь эм цутгаад л хажууд нь хараад хонож байсан хүн дээ.
Тэр айлаас гарахад бүгд намайг тэвэрч үнсээд:Чи одоо манай гэрийн хүн шүү дуртай үедээ ирж байгаарай,чи манай гэрийн сахиусан тэнгэр шүү гэж хэлж билээ.
Ингэж будилж явсаар байгаад Хөхтолботын хэлдэгээр будилах тоо нь гүйцсэн юм байлгүй энэ одоо байгаа эмгэн,өвгөн хоёр дээрээ ирээд нэг л мэдэхэд 8 сар гаран хугацааг ардаа хийчихсэн байх юм даа.

Sunday, May 11, 2008

...За хөөрхий хөөгддөг юм байжээ....

Америкад ирээд хийсэн ажилууд юм байх аа:
Хүн ер нь их давруу байх юмаа. Урд нь ямар байснаа мартчихсан,одоо байгаадаа бас сэтгэл ханахгүй хэцүү байна гэж гоншигноод. Хүн ч гэж дээ өөрийгөө хэлж байгаа царай нь энэ. Ажил хайж,арга ядаад нэг хар юманд итгэж дагаж яваад зугатаж ирсэн паянг минь та бүхэн санаж л байгаа байх. Тэрний дараа бас 2 ажил хийсэн юм. Ер нь тэрийгээ эндээ бичиж хаяа өөртөө сануулж байхгүй бол болохгүй санагдаад бичихээр шийдлээ.
За би гэдэг хүн чинь нутаг нэгтнээсээ зугатаж ирсэний дараа жинхэнэ нөгөө шар нь хөдлөөөд. Ер нь яагаад хүний хийгээд байгаа юмыг чаддаггүй юм. Чи заавал долоо хоногийн дотор ажилд орно шүү. Одоо хангалттай... гээд л өглөө нь босохоороо тэнгэртээ залбирч,хадагнаасаа адис аваад,өдөр нь найзаараа нэг ярилцлаганд орохоороо унших юм бичүүлсэн тэрийгээ цээжлээд л,орой болохоор за маргааш гээд л өөрийгөө баахан зоригжуулаад л унтдаг байлаа.
Гэтэл ч 5 хоногийн дараа нэг газраас утасдаж ярилцлагад ор гэдэг байгаа. Тэгээд тэр айлрүүгаа явж байхдаа дүүдээ мессэж бичээд миний үеийн 2 охин байна. Нэг нь сувилагч,нөгөө нь олон жил ажилласан туршлагатай хүмүүс байнаа яанаа гэтэл дүү минь: Зүгээр зоригтой,өөртөө итгэлтэй л бай,аз хүү байвал ёоз хүүгээр цохино шүү гээд инээлээ. Би ч гэсэн дотроо за чи одоо л өөртөө байгаагаа гаргах хэрэгтэй шүү гээд. Бас ч нөгөө хоёртоо нөгөө хүний оронд гарч байснаа ажиллаж байсан болгоод тэрэндээ хөөрхөн цэвэрхэн худлаа ярьчихаад нүүр минь улайж байж билээ.
Буцаж иртэл намайг авахаар болсон гэхээр яаж баярласаныг минь та нар төсөөлөхгүй л дээ. Бушуухан дүүрүүгээ ярьмаар санагдаад,бас ч нөгөө хоёроосоо жаахан санаа зовоод. Хэхэ өөрийн эрхгүй нүүрэн дээр инээд гарч ирээд баярласан гэж жигтэйхэн.
За тэр яахав айлдаа нүүгээд очлоо. Эмээ арай эмнэлэгээс гараагүй,гэр цэвэрлэж бай гэхээр нь за гээл зад цэвэрлэгээ хийж байтал эмээ ч ирлээ. Жижигхэн,туранхай цав цагаан үстэй,нүд нь эргэлдсэн эмгэн буугаад ирэхээр нь жаахан цочирдсон шүү. Тэгээд мэндлээд л сандал дээр нь суулгаад орон дээр нь хэвтүүллээ. Өөрөө явж чаддаггүй гэнэ.
За ингээд 3 хоног амьдарлаа. 4 дэх хоног дээр нь би шал угааж байсан чинь чи миний өрөөнд юу хийж байгаа юм гэдэг байгаа тэгэхээр нь би инээгээд аан гэрээ цэвэрлэж байна гэсэн чинь хэрэг бишдээд ирсэн.
Энэ чинь миний гэр,энэ өвгөний ч гэр биш энэ байшинг би ганцхан өөрийнхөө мөнгөөр авсан энэ миний л гэр гээд хашгичиж гарлаа....
За тэр яахав хөгшин хүн. Ингээд бичээд байвал барагдахгүй урт юмнууд гарах юм шиг байна. 6 дахь хоногийн өглөө нь өвгөн маргааш миний цалинг өгнө гэсэн чинь эмгэн уурлаад. Юу энэ мөнгөөр ажиллаж байгаа юм уу гээд л намайг өөртөө ойртуулахаа байлаа. Би яахав элдэв янзаар гуйгаад бардаггүй шүү. Аймаар ааштай эмгэн үздэг эмчийгээ хөөгөөд тэр нь ирэхээ больсон,ганц сувилагч нь л аргагүйн эрхэнд ирнэ.
Тэгээд л цалин ч өгөх өдөр боллоо. Өвгөний охин нь ирээд миний цалинг бичээд би хажууд нь зогсож байсан чинь яасан гээч: Нөгөө явж чаддагүй эмгэн чинь ганцаараа галын өрөөнд үс нь сэгсийгээд,майжигнаад ороод ирдэг байгаа. Бид гуравч тэрхэн үедээ үнэхээр айсан шүү. Охиноо ч хөөгөөд явуулчихлаа. Би харин амжиж чекээ өрөөндөө нууж амжаад л гүйж ирээд түших гэтэл шууд намайг түлхдэг байгаа. Тэгээд уурлаад л хашгичаад л байлаа. Би ч яахав тэвчээд л,заримыг нь ойлгохгүй болохоор амарч юм шиг. Тэгсэн нөгөө авгай чинь өвгөнөө таяг аваад ир гэснээ намайг шууд яв гээд таягддаг гэж байна ш дээ. Би уурлаад би зарц биш одоо явлаа гээд гараад явах гэтэл өвөө хөөрхий амьтан чи дэлгүүр ороод талх аваад ир гээд мөнгө өглөө.
Дүү очоод авах уу гэхээр нь өвөөг өрөвдөөд,тэгээд ч арай хийж ажилд орчихоод ийм юмыг тэвчих хэрэгтэй гэж бодоод хэрэггүй ээ одоо зүгээр гээд гэртээ орлоо. Тэр өдөр намайг ч дуудсангүй,би ч өрөөнөөсөө гарсангүй.
Маргааш болоод би яахав амархан уур нь гардаг хүн,тэгээд ч ажил юм чинь гээд өглөө босоод өглөөний цайг нь бэлдэж байтал өвөө орж ирээд. Уучлаарай чи өнөөдөр харь даа. Чи сайн ажилласан сайн охин шүү,энэ эхнэр маань хүн авахгүй гэнээ.
Би ч өө за за гээд л дүүгээ дуудчихаад юмаа янзлаад хүлээж байтал өвгөн дахиад ороод ирлээ. Яасан дүү чинь ирж байна уу.-Одоо ирж байгаа гэнээ гэтэл.
-Уучлаарай эхнэр чамайг гарга гээд байна би чамд тусалъя чи энд хүлээж бай гээд хувцасыг минь гаражид гаргаад хаячихлаа. Би ч жинхэнэ зэвүүн хүрээд зам тосоод алхаж байтал дүү минь ч ирлээ. Ороод мэддэг хэдэн муу үгээ хэлээд гарна даа гэж байтал дүү маань өөрөөр зөвлөсөн юм.
Тэгээд л би буцаж ороод" Бурхан чамайг ивээг" гээд тэр айлаас гарсан юм даа.

Thursday, May 8, 2008

Миний нэг өдөр

Миний нэг өдөр

За миний өнгөрч байгаа амьдрал маань яг нөгөө савангийн дуурь шиг л байшин дотроо эргэлдээд таардаг да. Ямарч байсан харьцуулаад чадан ядан бичих гээд үзье.

Хөдөө талын бүсгүй маань хөхөөн дуунаар сэрээд өрхөө татахаас эхэлдэг бол
Харин би утасны чичиргээнээр сэрж хөшгөө нээхээс эхэлдэгээ
Бүсгүй маань ардын дуугаа амандаа аялж үнээгээ саахаар хувингаа барин явдаг бол
Би гэдэг хүн ай подоо зүүгээд өвөөгөө угаахаар хувингаа бариад алхана да
Бүсгүй маань цайгаа чанаж нөхрөө хүлээдэг бол
Би сериалаа бэлдэж эмээгээ хүлээнэ
Бүсгүй маань гэрээ цэвэрлэж хүссэнээрээ агаараа амталдаг бол
Би гэдэг хүн гэрээ цэвэрлэчихээд гуйж байж арван минут л салхилна даа
Бүсгүй маань 2 цаг тутамд гүүгээ саадаг бол
Би гэдэг хүн 3 цаг тутамд өвөөгөө хооллоно
Бүсгүй маань оройныхоо үнээг сааж ажил нь дуусдаг бол
Би гэдэг хүн өвөөгөө оронд оруулсанаар ажил маань дуусна
Бүсгүй маань ажлаа дуусаад гэрийнхэнтэйгээ сууж цэнгэдэг бол
Би гэдэг хүн утсаар ярьж блогоороо тэнэж цэнгэдэг дээ

За ингээд бид 2 өдөр тутам яг л нэг ажлаа давтаад байдаг адилхан юм уу даа. Хэхэхэхэхэ
Жаахан утгагүй болчихвуу даа.

Monday, May 5, 2008

Нутаг нэгтэндээ богтлогдохоо шахсан минь...

Нөгөө блогоосоо хэдэн хуучин бичлэгээсээ одоохондоо оруулж л байя...
Нутаг нэгтэндээ богтлогдохоо шахсан минь...
Би гэдэг хүн чинь тэгээд л маргаашнаас нь ажлын эрэлд гардаг байгаа. Баахан газар бүртгүүлээд л өдөржингөө утасдаж гарна. Ажил байхгүй байна л гэдэг. Үнэндээ хэл мэдэхгүй дээрээс нь ямарч туршлагагүй гээд л гологдоно. Бүр аргаа бараад цөхрөөд байж байтал ашгүй нэг газраас хувцасаа аваад хүрээд ир гэж дууддаг байгаа. Баярласан гэж тоймгүй. Тэгээд чемодантай хувцасаа чирээд өглөө 9 цагт очоод суулаа. Нөгөө хүн нь эмнэлэгээс гараагүй байна гээд. Хүлээсээр байтал ажил тарах ч цаг болоод чемоданаа орхиод сүүлийн автобусанд амжиж суугаад маргааш нь дахиад л яг баахан хүлээсэн. Ингэж би горьдлого өвөртлөн олонч үүд сахьсан даа. Яг нөгөө албан тушаалтны үүдийг сахьсан би ажилгүй хүн гэдэг шиг хэхэхэ.
Дүү минь их зоригжуулдаг байсан.Тэгэхдээ би чинь мөлжигч биш болохоор хэдий дүү ч гэсэн санаа зовноо доо. Сүүлдээ ч би олдож л байвал юу ч хамаагүй хийе гэж шийдсэн.
Найзууд маань нэтээс зар хараад утасны дугаар өгнө. Гэтэл нэг найз минь дугаар өгөөд энэлүү залга да гэлээ. Би уухайн тас ямрыг нь ч асуулгүй утасдтал шалны ажил гэнээ. Хажуугийнхаа хүнээс ямар ажил байдагийг асуутал дэлгүүрийн шал цэвэрлэдэг ажил юм гэнэ. Би сонирхолоо боломжийн сонсогдож байна. За ингээд л богтлогдох үүдээ өөрөө нээсэн хүн дэ би.
За тэгээд ажилд авах хүнтэйгээ ярьлаа. Надад их л боломж олгож байна. Өөрөө их туршлагатай их хүнийг ажилтай золгуулсан юм байх. Даанч нөгөө хэд нь өөрсдөөсөө болоод ажлаас гарчихдаг байсан гэнээ. Тэгээд би л хичээх юм бол бүх зүйл ок гэнээ. Би бас шууд шийдчихэж чаддаггүй. Гурван хоногийн дараа хариугаа өгье гээд утсаа тасаллаа. Нөгөө залуу 3 өдөр зогсолтгүй надтай ярьж уг нь их энгийн найрсаг байлаа. Би бодлоо яадаг юм билээ. Ингээд ажил хэзээ олдохийг хүлээгээд суугаад байлтай нь биш, явчихья гэхээр дүүгээсээ холдох гээд, тэгэхдээ дүүтэйгээ ойр байна гээд ямар одоо ч гэсэн байнга уулзаж байгаа биш, тэгээдч би чинь насанд хүрсэн хүн юм чинь за яадгийн гэж бодоод дүүдээ хэлтэл: та дийлэх юмуу нойргүй хонодог ажил гэсэн ш дээ гэж байна. Би ч за яахав эгч нь яваад хэдэн сар ажиллаад хэлээ гайгүй болгоод буцаад ирье ингэж байж байхаар гээд л гэр бүлийн хурал хийлээ дээ. Манай дүү нөгөө залуутай яриад хаана ажиллах юм гээд хаягийг нь асууснаа, за за гайгүй ойрхон 2 цагийн зайтай газар юм байна. Дүү нь амрахаараа очиж байнаа. Ингээд асуудал шийдэгдэж нөгөө залуу минь намайг ирж авлаа. Ингээд шинэхэн ажилчин шалчин болохоор сэтгэл шулуудаад замдаа гарлаа да.
Очсон дороо юмаа оруулж тавиад орой нь ажилдаа гарлаа. Үгүй яахав болмоор л санагдлаа. Эхний өдрийн ажил дуусаад маргааш нь гэртээ ирээд унтах гэтэл нөгөөх чинь дарга ярьсан бид 2-ыг өөр газар ажилла гэнээ гэхээр нь тэгдэг л юм байх гээд хамаг юмаа ачилцаж аваад гарлаа. Үгүй мөн гэнэн байгаан шүү. За тэгтэл тэр газар нь 3 цагийн зайтай болоод явчихлаа.Би нэгэнт ажиллана гээд гарчихаад одоо болье хол байна гэлтэй биш гээд шууд л дагаад явлаа. Очоод нэг хүнээс түлхүүр авсанаа нөгөө 3 цагийн зайтай газар нь 5 цагийн зайтай газар болоод явчихав. Муухай амьтан 5 цагийн зайтай гэдгээ бүр замд гарсан хойноо хэлдэг байна ш дээ. Тэгээд л нөгөө залуугийн зан нь хувираад ирэхгүй яахав. Одоо чи эргэлт авна гэж саналтгүй. Энэ хол бид 2 дээр ирэх хүн байхгүй энэ тэр гээд. Гадаа харанхуй болж байдаг би жаахан айгаад хамаагүй томорч чаддаггүй. Болохгүй бол очоод учраа олохоос гээд аясаар нь явлаа. Тэгэхгүй бол би шорон оронгийн амьдрал мэднэ надад янз бүрийн хар найзууд байна энэ тэр гээд юун нөгөө томоотой залуу байхгүй шүү...
Бид 2 давхиж, төөрч будилсаар байгаад арай хийж ажилдаа гарахаас хоёр цагийн өмнө очлоо. Замдаа болсон явдалыг бичвэл бүр дуусах юм биш. Зүгээр л хурдны зам дээр машин барьж байж унтаж байсан гээд л боддоо. Аймаар...
Өөн тийм ах бас давралыг олчихсон толгой барь, амруу ундаа хий ч гэх шиг юу вэ. Бас болоогүй ээ, очингуутаа нэг өрөөнд байрлана, чи дандаа хоолоо хийж бай эмэгтэй нь учраас ч гэх шиг. Миний гэдэн хөдлөөд хэллээ л дээ. Тэгсэн арай зөөлөрч байнаа.
Тэгснээ л би сайн хань болж чадна ч гэж байх шиг мэдэхгүй ээ мэдэхгүй ажил хийх гэж явсан биш айн хэхэ. За тэр яахав гээд орхилоо. Маргааш нь ажлаа тараад том өрөөний буйдан дээр унтах гээд хэвттэл шууд хойноос ирээд тэврээд авдаг байна ш дэ. Би ч жаахан булиа юм болхоороо ганц түлхээд л гараад явсан. Тэгээд л хөөрхий муу дүүгээ дуудаж ирж очихтойгоо нийлээд 10 цагийн газар давхиулж нэг гэртээ харьж санаа амарсан даа. Би тэр хүнд хичнээн итгэж хамт явсан гээ. Бүр нэг бодохоос дургүй хүрмээр. Хэрвээ би ганцаараа байсан бол яана. Хэрвээ би турьхан нэгэн байсан бол яана.
За нэг иймэрхүү л юм болж богтлогдсон залуугаасаа зугатааж төрхөмдөө буцсан бүсгүй дээ би. Та бүхнийг чилээхгүй гэсэндээ ерөнхий бичээд дуусгалаа. Өмнөхүүдтэй нийлүүлбэл бараг бичигхээн өгүүллэг шиг дайны юм болчихсон байна ш дээ тэ. хэхэ

Сайн байцгаана уу

Сайн байцгаана уу. Энэдээ бас нэг блог нээчихье...хэхэ Нэгэнт л үйл ажиллагаанд оролцож байгаа болохоор дунд нь байх хэрэгтэй болов уу гээд нээчихлээ.
Намайг хүлээж авсанд баярлалаа...хамтран ажиллах болсондоо баяртай байна аа...